
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум нь 1925 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн хан аймгийн Дарьганга хошууны Баруун гар тэмээчний нутаг юм. Баян, Дэлгэр, Төв, Дөхөм, Хонгор, Ширээт гэсэн 6 багийн нийт 1392 өрхөд 5133 хүн амтай. Сүхбаатар аймгийн 13 сумаас газар нутгийн хэмжээгээрээ тус тус 3-т ордог.
Сүхбаатар аймгийн баруун өмнөд хэсэгт байрладаг. Улаанбаатар хотоос 560 км, Аймгийн төвөөс 146 км Дорноговь аймгийн төвөөс 210 км зайд байрладаг.Өмнөд хэсгээрээ БНХАУ-тай, баруун өмнөд хэсгээрээ Дорноговь аймгийн Өргөн, баруун, хэсгээрээ Дорноговь аймгийн Дэлгэрэх, хойд хэсгээрээ Сүхбаатар аймгийн Түвшинширээ, зүүн хойд хэсгээрээ Уулбаян, зүүн хэсгээрээ Халзан, зүүн өмнөд хэсгээрээ Онгон сумдтай хиллэдэг.
Орлой гурван зээрд, Онгон таван булаг, Өөш морин хошуу, Өргөө таван толгой, Өргөн цагаан дэрс, Тойг тээгийн тал, Төгрөг гүйлстэйн нуруу болон Дөхөмийн говь, Дөхөмийн баян овоо, Онгон элс, Байшинтийн тал, Хужиртын ам, Дунд булгийн цоорхой, Цагаан булаг зэрэг дуу шүлгэнд мөнхөрч, түүх шасдирт дурсагдсан уул, ус, баянбүрд, элс манхан олонтой нутаг. Тус сум нь аймагтаа хамгийн олон малтай сум бөгөөд Ширээтийн цагаан адуу, сайн чанарын ноолууртай “Баяндэлгэр” омгийн нутгийн улаан ямаагаараа алдартай.